Дээрх нөхцөл шаардлагын үүднээс дүүргийн бизнес эрхлэхийг хүсэгч болон шинэ тутам байгуулагдсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдийг шинэ, жижиг бизнест хөгжлийн эмзэг болон төвөгтэй эхний үе шатуудыг даван туулах, цаашдын тогтвортой өсөлт хүртэл бойжуулах, үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулж мэргэжил эзэмшүүлэн өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах замаар ажлын байр нэмэгдүүлэн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх үндсэн зорилготойгоор “Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв”-ийг 2011 оны 12 сарын 14- ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 94 тоот тогтоолоор байгуулсан.
Төвийн захирал С.Энхтайванг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 12 сарын 19-ний өдрийн А/325 тоот захирамжаар томилсон ба төвийн бүтэц, орон тоог дүүргийн Засаг даргын 2011 оны 12 сарын 22-ны өдрийн А/328 тоот захирамжаар 16 ажилтан, албан хаагчтай, 3 салбар байртай /ЧД-ийн 12-р хороо, 11-р хороо, 17-р хороонд тус тус байрлах/ байхаар баталсан.
          ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Орчин  үед аливаа бизнесийн хөгжил санхүү, хүний нөөц, тоног төхөөрөмж, технологи, маркетинг, борлуулалт зэргийг цогцоор нь хөгжүүлэхийг шаардаж эхэлсэн. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд эдгээр цогц асуудлыг бие даан шийдвэрлэх нөөц боломж харьцангуй хязгаарлагдмал байдаг тул тэднийг  чадавхижуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулж, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлт, түүхий эд, нөөцөд тулгуурлан хөгжих санаачилгыг дэмжин мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бизнесийн эмзэг төвөгтэй эхний үеийг даван туулах, цаашдын өсөлт хүртэл бойжуулах мэргэжлийн байгууллага зайлшгүй шаардлагатай болсон нь Бизнес инкубатор төвийг байгуулах үндсэн шаардлага болсон юм.

Төв нь өөрийн зорилгыг хэрэгжүүлэхээр дараах үндсэн үйлчилгээг дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэн ажиллахаар тодорхойлсон. Үүнд:
1. Аж ахуй эрхлэх сургалт зохион байгуулах
2. Зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ үзүүлэх
3. Бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх
Төвийн үйл ажиллагаа явуулах ажлын байр Чингэлтэй дүүргийн 15-р хороонд 2012 оны 01-р сарын 02-ны өдрөөс эхлэн ашиглалтад орсон ба энэхүү байр нь хүчин чадлын хувьд 30 хүний сургалтын танхим, үйлдвэрлэл эрхлэгчдийг бойжуулах 11 өрөө, оффисын зориулалт бүхий 2 өрөө, номын сангийн өрөө /“Хотын төв номын сан”-ийн салбар/-тэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
2013 онд маркетинг, борлуулалтын цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, салбар байрыг хороодод  нээн бизнесийн чиглэлээр өрөлжүүлэн ажиллуулах, дүүргийн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, хөгжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн портал веб сайтыг ажиллуулах, үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлчлэх мэдээллийн төвүүдийг хороодод нээн ажиллуулах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах зорилгоор бүтэц, орон тоог өөрчлөн зохион байгуулсан.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 04 сарын 10-ны өдрийн Б/101 тоот захирамжаар төвийн бүтэц орон тоог өөрчлөн 24 орон тоотой, 4 салбар төвтэйгээр  баталсан.


                2013 оны 04-р сараас эхлэн Дэлхийн Зөн Хайлааст, Дэлхийн Зөн Чингэлтэй ОНХ-тэй хамтран ажилласнаар Чингэлтэй дүүргийн 10 болон 17-р хороонд байрлах Хүний хөгжлийн төвийн байранд төвийн үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд мэдээлэл зөвлөгөөг өгөх чиг үүрэг бүхий ажилтнууд ажиллаж байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 10-р хороонд байрлах Хүний хөгжлийн төвд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Чингэлтэй ОНХХ-тэй хамтран оёдлын кластерийн төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
2012-2013 онд давхардсан тоогоор дүүргийн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, эрхлэхийг хүссэн 1783 иргэнд бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.